ӨВӨРХАНГАЙ: Мөсний баяраар өв соёлоо түгээн сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол улсын
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний
хүрээнд “Онгийн жавар-2026” өдөрлөгийг аймгийн БТСГ-аас зохион байгууллаа.
Амралтын өдрийг эрүүл, цэвэр агаарт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн тус өдөрлөгөөр үндэсний дээл хувцастай сайхан хосыг шалгаруулсан ба мөсөн шагай, сурын харваа, тэшүүрийн уралдаан, хөгжилтэй буухиа зэрэг тэмцээн болж, иргэд өргөнөөр оролцсон юм.
Мөн үндэсний өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг хамтатган иргэд, байгууллагууд үндэсний эдлэл хэрэглэлээр үзэсгэлэн гаргаж, фитнес клубүүд эрүүл амьдралын хэв маягийг сурталчилсан үзүүлэх тоглолт хийлээ.
“Арвайхээр хот нь ЮНЕСКО-гийн “Суралцагч хот” хөтөлбөрт нэгдэж байгаа учраас иргэдээ зөв амьдралын хэвшилд уриалах, соён гэгээрүүлэх, өв соёлоороо бахархах, сурталчлах ажилд онцгой анхаарна. Цаашдаа хүүхдүүдийг байгаль, эх дэлхийгээ хайрлах дадал хэвшилд сургах нөлөөллийн ажлыг хийх ёстой. Ирэх жил 2027 онд Арвайхээр хотын түүхт 300 жилийн ой тохиох учраас мөсний баярыг илүү өргөн хүрээнд зохион байгуулна” хэмээн сумын Засаг дарга Б.Ганбат ярилаа.



