ӨВӨРХАНГАЙ: Н.Учрал: "Зөвшөөрөл биш зөвшөөрөл"-үүдээс чөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Н. Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд энэ сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.
Энэ үеэр иргэдтэй уулзалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм. “Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, чөдөр тушаа болсон дүрэм журмыг цэгцэлж, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөхөөс гадна хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
Тухайлбал, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг "зөвшөөрөл биш зөвшөөрөл"-үүдээс чөлөөлнө. Зөвшөөрлийн цаана авлига нуугддаг. "Тус биш ус" болдог Зөвшөөрлийн хуулийг шинэчилж хувьсал авчирна. Үүгээр 90 хуулийг өөрчилж байгаа гэлээ.

Мөн төрийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцож чадахгүйгээс болоод иргэдийг гүйлгэдэг, хүнд суртал учруулдаг. Төрийн албан хаагчид үндсэн ажлаа 30 хувь хийж, үлдсэн 70 хувьд тайлан илгээх, ийш тийш явсан ажлаа тайлагнах техникийн ажлыг хийж байна. Иргэд, олон нийтэд үйлчлэх цагаа гаргаж чаддаггүй энэ байдлыг өөрчилнө гэсэн юм.
Парламентын албан
ёсны цахим хуудаст D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг нэмж, хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй 378
хуульд хиймэл оюун ухаанд
суурилсан шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд ямар нэгэн зөрчилгүй хуулийн төслийг
боловсруулахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстойг онцлон хэллээ.
Түүний өөрчлөхийг хүсэж буй олон зорилтын нэгэнд банк, санхүүгийн салбар багтаж байна. “Монголд 587 банк санхүүгийн байгууллага байна. Монгол шиг ийм олон ломбард, ийм олон банк бустай улс байхгүй. Иргэд зээлийн өндөр хүүний дарамтад сөхөрч байна” хэмээгээд гадаадын банкуудыг оруулж ирж, өрсөлдөөн бий болгож байж, зээлийн хүү буурна гэдгийг онцоллоо.

Уулзалтад оролцсон иргэд УИХ-ын
даргаас болон дагалдан яваа сайд, гишүүдээс асуулт асуулаа. Төрийн албан хаагчдын
зүгээс албаны барилгын насжилт, хууль, эрх зүйн зөрүүтэй байдал, цалин
урамшууллыг нэмэгдүүлэх талаар санал тавьж байсан бол иргэд архины хэрэглээг
бууруулах, үнийн өсөлтөд хязгаар тавих, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, банкны зээлийн хүүг бууруулах
зэрэг олон санал хүсэлтийг илэрхийлэв.
Асуултад
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Эрүүл
мэндийн дэд сайд Г.Номин нар
хариулт өглөө.