ӨВӨРХАНГАЙ: Бусад аймгаас 7238 иргэн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн эрүүл мэндийн салбарынхан шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ, шинэ технологи, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.
Эрүүл мэндийн салбарт нийт 155 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 31 нь клиник эмнэлэг юм.
Хувийн хэвшлийн эмнэлгүүд магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангахын тулд барилгын өргөтгөл хийж, лаборатори болон дүрс оношилгооны өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг авч, нарийн мэргэжлийн эмч, хүний нөөцөөр бүрэн хангагдсан болохыг онцоллоо.
Өрхийн болон сумдын эрүүл мэндийн төвүүдэд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулснаар хүн амын эрүүл мэндийг анхан шатанд бүрэн үзэж оношлох боломж бүрдэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байна.

Аймгийн БОЭТ нь 4 клиник, 34 тасаг, алба, 400 гаруй ажилтантайгаар аймаг болон бүс нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Өнгөрсөн онд эмнэлэг 208,674 хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлж, 12,693 хүнийг хэвтүүлэн эмчилж, 2792 хүнд мэс засал хийж, яаралтай тусламжаар 24,395 хүнийг хүлээн авсан байна.
Үүнээс 7238 нь бусад аймгаас ирж, төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ авчээ.
"БОЭТ-д 10 төрлийн бай эмчилгээг голлон хөх, элэг, уушги, ходоод, тархины хавдарт хийж байна. Хавдрын бай эмчилгээ, химийн хяналтад 1162 хүн байгаа бол 2025 онд шинээр 197 хүн хяналтад орсон. Ингэснээр Улаанбаатарыг зорих иргэдийн тоо эрс багассан" хэмээн БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан ярилаа.