Б.Цэнгэл: 200 малчин өрхөд нэг аварга малчин шалгаруулахаар журамласан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2026-01-29 18:25:21

Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн аварга малчдыг шалгаруулах журамд өөрчлөлт орсон. Ирэх долоо хоногт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, шинэ журмын дагуу аварга малчдаа тодруулах юм.

Энэ талаар аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Цэнгэлээс тодрууллаа.


-Журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-2026 оны нэгдүгээр сард хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аварга малчдыг шалгаруулах журмыг шинэчиллээ. Өмнө нь сум бүрд адил тэнцүү эрх өгдөг байсан бол шинэ журмаар мал, малчин өрхийн тоог харгалзан харилцан адилгүй тогтоож байна. Тухайлбал, 200 малчин өрхөд болон 60 мянган толгой малд нэг аварга малчин шалгаруулахаар журамласан.


Тус аймгийн хамгийн олон малчинтай буюу 2000 малчин өрхтэй Уянга сум 10 аварга малчин тодруулах эрхтэй ч малынхаа тоогоор 6-7 аварга төрөхөөр байна. Мөн 900-гаад малчин өрхтэй, 300 мянга орчим толгой малтай арваад сумаас тус бүр дөрвөн аварга малчин өрх шалгаруулна.


Хамгийн бага буюу 600-гаад малчин өрхтэй, дунджаар 200 мянган толгой малтай сумдад гурван эрх ноогдож байгаа.

Өмнөх жилүүдэд бүх сумаас ижил 3-4 аварга малчин өрх тодруулдаг байсан нь өрөөсгөл гэж үзсэн учраас журамд өөрчлөлт оруулсан.


-Бусад шалгуур үзүүлэлтүүд өөрчлөгдсөн үү?

-Өмнө нь малын тоо толгойн албан татварын төлөлтөөр шалгуурт тооцдог байсан бол одоо малчны хуулиар хүлээсэн бүх татварыг төлсөн байдлаар авч үзнэ. Бууны, хогийн, нохойны, хүн амын орлогын албан татвар төлсөн эсэхийг голлон харах юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, нийгэмд оруулсан сайн үйлс, малжуулалт гээд бусад шалгуур үзүүлэлтүүд хэвээрээ байгаа.


Бас нэг өөрчлөгдсөн зүйл гэвэл мал сүргийнх нь ерөнхий бүтцийг анхаарна. Өвөрхангай аймаг үхэр сүргийг түлхүү өсгөн үржүүлэх бодлого баримталж, “Үхэр сүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг учраас нийт малын тоо толгойд үхэр сүргийн эзлэх хувийг тооцно. Бод, богийн харьцаа 80х20, багадаа 70х30 байхыг харгалзан үзнэ.


Нийт мал сүргийнхээ 30-аас доошгүй хувийг тухайн бүс нутагт үржүүлж болох баталгаажсан үүлдэр, омгийн малаар сэлбэж, цөм сүргийг сайжруулсан байх заалтыг мөн тусгаж өгсөн.

Мөн малаа ялган бүртгэлжүүлсэн, ээмэгжүүлсэн гээд бүх мэдээллийг Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас харах боломжтой болсон. Цаашид улс, аймгийн аварга малчныг шалгаруулахдаа материалыг цаасаар биш цахимаар авах бодлого баримтална.


-Зарим малчид аваргаар шалгарсан ч нутгийнхан нэгнийгээ сайн таньдаг болохоор ах, дүүсийнхээ малыг нэмж тоолуулсан ч гэдэг юмуу, санал шүүмжлэл  гардаг шүү дээ. Үүнд хяналт тавих боломж бий юу?

-Сумд жилийн эцсээр мал тооллогын дүнг гаргаад, мөн А дансан дээрээ бүртгэл, тооллого хийгээд программд шивдэг. Улсын болон аймгийн аваргад материал ирсэн тохиолдолд бид тухайн малчны сүүлийн гурван жилийн ажлын үзүүлэлтийг цахимаас харах боломжтой.

Нөгөө талаар тухайн хүн нутаг усандаа хэр нэр хүндтэй, аваргын болзол хангаж чадах эсэхийг ам ярианаас сонсож мэддэг. Засаг даргын Зөвлөлийн хуралд ч сум, сумын төлөөлөл болсон хүмүүс суудаг учраас материалтай танилцаад санал, дүгнэлтээ хэлдэг юм. Яваандаа аваргад өрсөлдөж байгаа малчны хотонд нь очиж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг хийнэ. Хашаа хороо, худаг ус гээд нүдээр үзэж хараад газар дээр нь үнэлгээ өгөх нь байх ёстой асуудал гэдгийг Зөвлөлийн гишүүд хэлдэг.

Журамд тийм заалт байхгүй ч зарим аймаг үүнийг хийгээд эхэлсэн. Хэнтий аймаг гэхэд ажлын баг томилоод явж байна. Ингэснээр малчдын дунд гарч буй хэл амыг багасгах, шагналын эзнээ олоход ач холбогдолтой гэж үзэж байгаа.



-Энэ жил сумдаас хэр их тодорхойлолт ирсэн бэ?

-Хөдөө аж ахуйн газраас тогтоосон тооноос илүү материалыг ерөөсөө хүлээж аваагүй. Гэхдээ хоёр, гурван сум “Энэ хүн үнэхээр аваргын болзол хангачихсан, гэтэл тоондоо баригдаад болохгүй нь” гэх асуудлыг ярьж байгаа. Үүнийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, боловсруулалт хийнэ. Ирүүлсэн тодорхойлолтоос илүү сайн хүн цаана нь үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс харьцуулсан дүгнэлт хийж, 2 дугаар сарын 2-нд болох сумдын Засаг дарга нарын зөвлөгөөнөөр танилцуулна.


-Аварга малчдаас гадна аварга үхэрчин, тэмээчин, саальчинг хэрхэн шалгаруулах вэ?

-Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр үхэр сүргээ үндсэн хээлтэгчээр өсгөн үржүүлж, хангайн бүсэд 200, тал хээрийн сумдад 120, говийн сумдад 90-ээс дээш тоо толгой үхэр тоолуулбал “Аймгийн аварга үхэрчин”-ээр шалгаруулдаг. Мөн өмнө нь сумын аварга малчин болсон байх ёстой. Ерөнхийдөө аймгийн аварга малчин шалгаруулах журмаа баримтална. Энэ жил 20 гаруй малчны тодорхойлолт ирсэн. Үүнээс сумын аварга малчин болоогүй гэх үндэслэлээр арваад малчны материал хасагдсан.

Хамгийн олон тэмээтэй малчдаас нэг, хоёр хүнийг аймгийн аварга болгодог. Одоогоор “Аймгийн аварга тэмээчин”-д материал ирээгүй байна. Аварга саальчнаар таван хүний тодорхойлолт ирсэн. Ирэх долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар аваргуудаа тодруулна.


-Улсын аварга руу хэдэн малчны материал явсан бэ? Хангалттай шалгарсан гэж дүгнэж байна уу?

-Улсын аварга малчин шалгаруулах журамд мөн өөрчлөлт оруулж, хоёр мянган малчин өрхөд нэг аварга байхаар тогтоосон. Манай аймаг 18500 гаруй малчин өрхтэй. Журмын болзлыг хангасан 10, дээр нь хошой аваргад нэг хүний материал явуулахад бүгд шалгараад ирсэн.


-Энэ жил аварга малчдынхаа шагналыг хотонд нь гардуулах уу?

-Аймгийн аваргын шагналыг журамд заасны дагуу хотонд нь гардуулна. Сумдын засаг дарга нараас болон тухайн малчдаас шагналаа малынхаа хотонд авъя гэх хүсэлтийг их ирүүлдэг. Тийм учраас хэлтэс, агентлагийн дарга нараа хуваарилаад очиж гардуулна. Улсын аварга малчдын шагналыг хэрхэн гардуулах талаар мэдээлэлгүй байна. 

Related news