Төслийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч бөгөөд аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн дарга А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг Дархан хот дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехник коллежид хэрэгжиж байгаа “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “JIZ” төслийн хэрэгжилттэй танилцав.
Уг төсөл 2013 оноос эхэлж тус коллежид хэрэгжиж эхэлсэнээр цахилгааны мэргэжлийн анги нээж нийт багш нарын 80 хувь нь Герман улсад 1-3 удаагийн давтамжтай 21-45 хоногийн сургалтад хамрагджээ. Төслийн хоёр дахь шат 2016 оны гуравдугаар сараас эхэлсэн. Герман улсад мэргэжлээ дээшлүүлсэн тус сургуулийн багш нар “Хамтдаа хөгжицгөөе” уриатай “Нэмэх хасах цэнэг-2016” сургалтыг 21-н аймгийн 31 байгууллагын 40 багшийг хамруулж энэ сарын 21-26-ний өдрүүдэд явуулж байна.
“Уулзалтын зорилго нь төслийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх боломжийг эрж хайхад чиглэсэн” гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат онцлов.
Б.Норовсамбуу