ӨВӨРХАНГАЙ: Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур хосолсон системийг туршиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол улсад дөрвөн жил хэрэгжсэн “Нүүрснээс нарны эрчим хүч рүү” төслийг орон нутагт анх удаа туршиж байна.
Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур хосолсон системийг нэвтрүүлэхээр нэг айлд туршиж байгаа юм.
Тухайн айл уг төхөөрөмжийг арваннэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн бөгөөд "Гэр хэт халж, эсвэл хэт хөрөх асуудалгүй болсон. Үнс, тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байна. Өвлийн улиралд өмнө нь 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо сард цахилгааны төлбөртөө 100-300 мянган төгрөг төлж байна" гэлээ.
Арвайхээр сумын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй дулааны эх үүсвэрүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьж, шинэ технологиудыг туршиж байна.