Төлбөрийн тэнцэл 176.4 сая ам.долларын алдагдалтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-21 17:22:25

Урсгал тэнцэл 176.4 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буюу 151.2 сая ам.доллараар буурсан эерэг үзүүлэлттэй байна хэмээн Төвбанкнаас мэдээллээ.

Энэ нь  10 дугаар сарын 28-нд танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 57.5 сая ам.доллараар өсч, 176.4 сая ам.долларт, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 7.4 сая ам.доллараар буурч, 177.9 сая ам.долларт тус тус хүрсэн байна. Алдаа ба орхигдуулга абсолют утгаар 64.9 сая ам.доллараар буурснаар аж ахуйн нэгж байгууллагуудын экспорт, импортын худалдааны өглөг, авлага болон гадаадын банкин дахь дансны өөрчлөлттэй холбоотой  хэмээн тайлбарлагдаж байна.

Түүнчлэн орлогын дансны алдагдал  36 хувиар буюу 271.2 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөө үзүүлжээ. Энэ нь дахин хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэж, гадагш төлж буй ногдол ашиг, зээлийн хүүний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс буурсантай холбоотой аж. Бараа, үйлчилгээний дансны хувьд ашгийн хэмжээ өнгөрсөн оноос 60 хувиар буюу 189.3 сая ам.доллараар буурсан бөгөөд энэ нь томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад улсаас авч буй бизнесийн зөвлөх болон санхүүгийн техникийн бусад үйлчилгээний төлбөр өнгөрсөн мөн үетэй харьцуулахад өссөн байна.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 177.9 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 43 хувиар буюу 132.7 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

 Б.Заяа

Related news