ӨВӨРХАНГАЙ: Баяннамсрай бурхны гэр дуган байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2026 оны нэдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас Ганданпунцоглин хийдтэй хамтран “Баяннамсрай” цэцэрлэгт хүрээлэнд Баяннамсрай
бурхны
боржин хөшөөг босгож, гэр дуганыг байгуулан өнөөдөр албан ёсоор нээлээ.
1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Өлзийт жалганд буудан хороолгосон лам нарын орхимж нөмрөг салхинд хийсэн ирж, энэхүү бор толгодын нөмөрт тогтон үлддэг байснаас улбаалан тус газрыг “Ягаан толгой” гэж нэрийддэг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Намсрай овоо хэмээн нэрлэхээр болж байна.

Учир нь энд 21 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, найман төрлийн 26,869 мод, бут тарьсан бөгөөд гэр дуган байгуулснаар сар бүр ном хурж, сүсэгтэн олны буян хураасан, амарч тухалсан, хүүхэд багачуудын инээд хөөр цалгисан амралт зугаалагын гэрэлт хотхон болгохоор зорьж буйг Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат ярилаа.
Мөн Намсрай бурхныг нэг ч зүйдэлгүй цул боржин
чулуугаар бүтээж, улсын чанартай авто зам руу харуулан босгосон нь нь энэхүү
замаар баяр баясал, уйтгар гуниг бүхнийг тээж яваа хүн ардаа ивээж байхыг бэлгэдсэн
хэмээв.
Нээлтийн үеэр равнай өргөх, гороо,
мөргөл хийх, ном хурах зан үйлийг үйлдсэн юм. Уг цогцолборыг сүсэгтэн олны
болон худалдааны байгууллагын хандив тусламжаар байгуулжээ.