ӨВӨРХАНГАЙ: Богд Хаант Монгол Улсын анхны төрийн далбааг 11 дэх жилдээ цэнгүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-30 09:55:29

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойг тохиолдуулан Богд Хаант Монгол Улсын анхны төрийн далбаа буюу Шар тугийг уламжлал ёсоор цэнгүүллээ.


Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн анхны тугийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанхын баруун хүрээ хийдэд хадгалж ирсэн бөгөөд орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар туг цэнгүүлэх ёслолыг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн юм. 



Эл ёслол энэ сарын 29-ний өдөр 11 дэх жилдээ болж, Очирваань бурханыг тахих, мандал өргөх, “Адистидын дээдийг хайрлагч” номыг монголоор унших, илтгэл тавих зэрэг үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа. 


1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу “Төрийн далбаа”-тай болсон явдал билээ. VIII Богд хааны зарлигаар Монгол төрийн далбаа нь төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлогтой. 



Энэ үед хааны ордон, төрийн яам, зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3x1 харьцаатай (нэг ам нь 70x70см) босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ. Чингис хааны Их хар сүлдийг Баруун хүрээ хийдэд тахидаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг.


Энэ онд ССАЖЗЯ-наас 50 сая, Өвөрхангай аймгийн төсвөөс 40 сая төгрөгөөр Шар тугны хоргыг хийж, сэргээн шинэчилжээ. 

Шар тугийг хадгалж буй Шанхын хийд буюу Баруун хүрээ хийдийн туурь нь Хархорин сумын Шанх багийн төвөөс урагш дөрвөн км орчим зайд Харзан голын баруун эрэгт, Сайхан булгийн дэнж хэмээх газар оршдог. Ирэх оны улсын төсөвт уг хийдийг сэргээн засварлах зураг төсөлд 500 сая төгрөгийг батлаад байна.





Related news