Хайнанийн чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогыг ахиулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-12-19 18:19:43

БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хайнань арлын хэмжээнд гаалийн тусгай үйл ажиллагааг пүрэв гарагт эхлүүлснээр Хайнанийн чөлөөт худалдааны боомт /ЧХБ/ нь өндөр зэрэглэлийн чөлөөт худалдааны боомттой нийцсэн бодлого, институцийн тогтолцоог үе шаттайгаар бий болгож, нээлттэй бодлогыг улам ахиулна гэж тус боомтын төлөөлөгч мэдэгджээ.


Хайнань мужийн Коммунист намын хорооны Чөлөөт худалдааны боомтын Ажлын хорооны орлогч дарга Ван Фэнли “Xinhua” агентлагийн “China Economic Roundtable” хэмээх ярилцлагын нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцох үеэрээ ийнхүү хэлсэн байна.


“Хайнань нь бараа бүтээгдэхүүний чөлөөтэй, аюулгүй урсгалыг хангахын тулд илүү уян хатан, үр ашигтай хяналтын тогтолцоог бий болгоно. Нэг талаас, бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжихийн тулд тэг тарифтай барааны нэр төрлийг өргөжүүлнэ. Нөгөө талаас, үйлчилгээний худалдааны хэрэгцээнд нийцүүлэн аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний салбаруудыг нээх ажлыг түргэвчилнэ” гэж Ван Фэнли ярилаа. 


Хөрөнгө оруулалтын тухайд, Хайнанийн ЧХБ нь зах зээлд чиглэсэн, хууль тогтоомжид суурилсан, олон улсын түвшинд нийцсэн, илүү ил тод бизнесийн орчныг бий болгохыг зорьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх боломжийг цаашид сулруулж, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ. Хил дамнасан хөрөнгийн менежмент болон хилийн чанад дахь юанийн бизнесийг хөгжүүлэх хүчин чармайлтын тусламжтайгаар санхүүгийн салбарын нээлттэй байдлыг тогтвортой ахиулах болно гэж тэрбээр хэлжээ.


Ван Фэнлигийн хэлснээр, хүмүүсийн чөлөөт урсгалын хязгаарлалтыг мөн сулруулж, ур чадвартай мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг татахын тулд нэвтрэх, гарах бодлогыг хялбаршуулах ажээ. Мөн илүү нээлттэй тээвэрлэлтийн орчныг нэвтрүүлэхийн сацуу хөлөг онгоцны үзлэгийн бодлогыг оновчтой болгож, хил дамнан өгөгдөл дамжуулах үр ашигтай, аюулгүй механизмыг бий болгоно гэж тэрбээр нэмж дурдсан байна.

Related news