ХОВД: Алслагдсан бүсэд өвөлжиж буй малчидтай холбоо тогтоох, эрсдэл үүсэхэд шуурхай ажиллах чиглэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-17 15:29:02

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын дэргэд Шуурхай штаб байгуулжээ.


Тус аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан Шуурхай штабын бүрэлдэхүүн энэ сарын 16-нд хуралдаж, өвөлжилт, цаг агаарын төлөв, эрсдэлээс сэргийлэх талаар ярилцав. 

Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 8000 гаруй малчин өрхийн 3.4 сая гаруй толгой мал өвөлжиж байна.

Сумдын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнд малчдын отор нүүдэл, өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн эрүүл мэндэд анхаарах, алслагдсан бүсэд өвөлжиж буй малчин, ялангуяа эрсдэлт бүлгийн иргэд /өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх/-ийг эргэх, холбоо тогтоох, эрсдэл үүсэхэд шуурхай ажиллах бэлтгэл, бэлэн байдлаа сайжруулах зэрэг чиглэл өглөө.   

Энэ сард цас бага, цаг агаар харьцангуй тогтуун байгаа ба энэ сарын 19-ний өдрөөс эхлэн агаарын температур 5-6 градусаар хүйтэрнэ. Ирэх оны нэг болон хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. 


Цаашид цас их орж хүйтэрвэл Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт гэх мэт төв, хойд бүсийн суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх, мал маллахад эрсдэл үүсэх магадлалтай байгаа юм.  

Related news