ДЭМБ "зика"-тай холбоотойгоор зарласан онц байдлын дэглэмийг цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-18 23:15:06

ДЭМБ. /Xinhua/. Шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар тархсантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар сард олон улсын хэмжээнд зарласан онц байдлын дэглэмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт цуцаллаа.

Гэхдээ уг вирусийн тархалтыг ул мөргүй дарахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахыг тус байгууллага холбогдох улс орнуудад уриалж байна.

“Зика” вирус болон хэвийн бус буюу хэт жижигхэн толгойтой хүүхэд төрөх болсон нь харилцан холбоо хамааралтай болохыг судалгаа харуулсан учир урт хугацааны хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж ДЭМБ-ын албаны хүн онцлон тэмдэглэв. Тухайлбал, “зика”-гийн улмаас хэт жижигхэн толгойтой болон тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай төрсөн хүүхдүүдэд туслах хэрэгтэй гэж тэрбээр хэлэв.

Өнгөрсөн оны тавдугаар сараас “зика” вирус нь Бразил болон Латин Америкийн бусад улс оронд тархаж эхэлсэн юм. Хожим нь уг вирус Хойд Америк болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад тархсан билээ. Наймдугаар сард Сингапурт “зика”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна.

Г.Доржханд

Related news