Алтан бөмбөрцөг 2026: Нэр дэвшигчид тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /BBC/. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг Лос-Анжелес хотноо танилцууллаа.
Тус наадмын “Шилдэг кино (мюзикл эсвэл инээдмийн кино)”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол” зэрэг есөн номинацид буюу хамгийн олон шагналд Пол Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” кино нэр дэвшжээ. Найруулагч Йоаким Триерийн “Affeksjonsverdi” кино найман шагналд нэр дэвшсэнээр удаалж байгаа бол Райан Куглерийн "Sinners" кино долоон шагналд өрсөлдөнө. Хлое Жаогийн "Hamnet" кино зургаан төрөлд, Гильермо дель Торогийн "Франкенштейн", "Жон Чү" кинонууд таван номинацид нэр дэвшсэн байна.
"Wicked: For Good" кино "Шилдэг мюзикл эсвэл инээдмийн кино" төрөлд нэр дэвшээгүй боловч тус киноны гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Синтия Эриво, Ариана Гранде нар жүжигчдийн ангилалд нэр дэвшжээ.
"Шилдэг драмын кино" төрөлд "Франкенштейн", "Хамнет", Ираны найруулагч Жафар Панахигийн "A Simple Accident", Клебер Мендонса Фильюгийн "The Secret Agent", мөн "Sinners", “Affeksjonsverdi” кинонууд өрсөлдөнө.
Телевизийн цувралуудаас "The White Lotus" зургаан төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлж байна. "Netflix"-ээр цацагдсан "Adolescence" богино хэмжээний цуврал "Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг таван номинацид өрсөлдөнө. Өдгөө 15 настай Оуэн Купер тус цувралд бүтээсэн дүрээрээ “Эмми” наадмаас "туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэнээр энэ төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин болсон юм. "Only Murders in the Building", "Severance" цувралууд тус бүр дөрвөн номинацид нэр дэвшжээ. Гадаадын кинонуудаас Норвегийн "Affeksjonsverdi" найм, Францын "A Simple Accident" кино дөрвөн номинацид нэр дэвшсэн байна.
"Драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд Сидни Суини (Christy) нэр дэвшсэнгүй, харин Женнифер Лоуренс (Die My Love), Жулия Робертс (After the Hunt), Ева Виктор (Sorry, Baby) нар өрсөлдөнө. Мөн Тесса Томпсон (Hedda) болон ирланд жүжигчин Жесси Бакли (Hamnet) нэр дэвшжээ.
"Avatar: Fire and Ash" кино "Хамгийн өндөр орлоготой кино", "Киноны шилдэг дуу" гэсэн хоёр төрөлд өрсөлдөнө. "Хамгийн өндөр орлоготой кино" төрөлд мөн "F1", "KPop Demon Hunters", "Sinners", "Weapons", Mission: "Impossible-The Final Reckoning" кинонууд нэр дэвшжээ.
"Алтан бөмбөрцөг" наадмын шагнал гардуулах 83 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 11-нд болно. Энэ удаагийн ёслолыг Никки Глейзер хоёр дахь жилдээ хөтөлнө.
"Оскар"-ын шагналаас ялгаатай нь "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшигчдийг кино урлагийн салбарыг сурвалжилдаг олон улсын сэтгүүлчид сонгодог.
Ulaanbaatar