Туулын хурдны замын далангийн дагуу түр зам тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-13 10:04:01

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны замын далангийн хөрсийг хуулж, түр зам тавьж байна. 


Зургаан эгнээтэй, 32 км үргэлжлэх тус замын найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөжээ. Үүнээс хамгийн урт буюу Маршалаас Зайсангийн гүүр хүртэл 7.2 км урт гүүрэн байгууламжийг Туул гол дагуу эко зурвасын гадуур барихыг НЗДТГ мэдээллээ. 


Одоогоор ажлын талбайд 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 30 гаруй машин механизмаар түр зам, далангийн хөрсийг хуулж байгаа. Мөн урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70 мянган ам.метр талбай төлөвлөснөөс дам нуруу үйлдвэрлэх бүсийн 30 мянган ам.метр талбайг тодорхойлсноос 20 мянгынх нь чулуун шороог тэгшилжээ.


Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар багасна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжрахаас гадна ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасах юм. Ингэснээр иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл багасах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох зэрэг ач холбогдолтой ажээ.

Related news