ДОРНОД: Шагайн харвааны тэмцээнд 120 гаруй харваач цэц мэргэнээ сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-05 16:08:49

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Чойбалсан суманд үндэсний шагайн харвааны зүүн бүсийн тэмцээнийг багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 10 багийн 120 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон байна.


Үндэсний шагайн харвааны өв уламжлал, зан үйл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, тэмцээн, уралдаан, харвуул наадгайг зохион байгуулах, шагайчдын эрх ашгийг хамгаалах, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг анх удаа Дорнод аймагт зохион байгуулсан юм.


Багийн харвааны төрөлд 1, 2 дугаар байрыг Дорнод аймгийн Төмөр замын 2-р баг, Халхын мэргэчүүд баг, гуравдугаар байрыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт баг эзэлжээ. Харин цуваа харвааны төрөлд Дорнод аймгийн Халх гол сумын харваач Б.Золжаргал, Сүхбаатар аймгийн гоц мэргэн Б.Ганцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харваач, аймгийн гоц мэргэн Ч.Энхдаваа нар тэргүүлсэн байна.


Дорнод аймгаас Үндэсний шагайн харвааны төрөлд улсын цолтон тав, аймгийн гоц мэргэн цолтон 30 гаруй төрөн гарсан байдаг.

 

Related news