2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллого эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-20 14:51:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 2025 онд бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байна.


Энэхүү тооллого нь хүн амын нийгэм, эдийн засгийн байдал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, шилжилт хөдөлгөөн, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг гол үзүүлэлтийг бүртгэх, дүн шинжилгээ хийх зорилготой цогц судалгаа аж. Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг холбогдох хууль, олон улсын зарчим, зөвлөмжид нийцүүлэн төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан зохион байгуулах юм.


Иргэд “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025” судалгаанд E-Mongolia портал болон мобайл аппликэйшнээр дамжуулан оролцоно. Хэрэглэгч E-Mongolia-д нэвтэрсний дараа эхний нүүрэнд байрлах баннер дээр дарснаар 2025.mn цахим хуудсанд автоматаар холбогдож, судалгааг бөглөх нөхцөл бүрдэнэ. Мөн Үндэсний статистикийн хорооноос тооллогын мэдээллийн үнэн зөв, чанарыг сайжруулах зорилгоор өнгөрсөн даваа гаргаас эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллээ тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдон ажиллахаа мэдэгдлээ.


Үндэсний статистикийн хорооноос мэдээллийг нэгдсэн байдлаар нэгтгэн боловсруулснаар Монгол Улсын хүн ам зүйн бүтэц, нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг үнэлэх чухал суурь тоон мэдээллийг бий болгоно. Монгол Улсын иргэн та бүхнийг “Хүн ам, орон сууцны-2025” завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статискийн хорооноос уриалав.

Related news