Канадын Ричмонд Хилл хотод “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-19 13:57:07

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Онтарио муж дахь Өргөмжит консулын газар хамтран "Морин хуур" найрал хөгжмийн хөөмийч, морин хуурч Н.Ашитын “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтыг Ричмонд Хилл хотын Урлагийн төвд энэ сарын 9-нд зохион байгуулав.

 

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос тоглолтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны ард түмний соёл, урлаг, түүний дотор монгол хөөмий ба инуит хөөмий нь иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэв. Түүнчлэн Ричмонд Хилл хотын дарга Дэвид Уэст, Монгол Улсын Өргөмжит консул Брайон Вилферт нар үг хэлэв.

 

Тоглолтод Н.Ашит “Дөрвөн уул”, “Жонон хар морины явдал”, “Алтайн магтаал” зэрэг монгол ардын дуу хөгжим, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан Халдун” зэрэг зохиолыг морин хуурын яруу эгшиг, хөөмийн уянгат дуутай хослуулан толилуулав. Мөн тэрбээр хөөмий, морин хуурын гарал үүсэл, онцлог, дөрвөн төрлөөс гадна Алтайн ятгыг танилцуулж, Н.Ашит, Г.Тунгалаг нар морин хуур, Алтайн ятгын хослолоор эртний хөг аялгууг толилуулсан нь тоглолтод өвөрмөц өнгө аяс нэмлээ.


Тус тоглолтыг Канадын Гадаад хэргийн яамны Онтарио муж дахь Худалдааны комиссарын газар, Ричмонд Хилл хотын захиргаа болон Худалдааны зөвлөлийн төлөөлөгчид, Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийнхан, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Торонтогийн их тойрогт оршин сууж буй монгол иргэд, оюутан сурагчид, Монголд элэгтэй канад иргэд үзэж сонирхов гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.



 

Related news