ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-16 10:53:40

Улаанбаатар2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв.


Байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулан, хуралдаанд оролцсон гишүүд Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж эхлэх үеэр байнгын хорооны дарга хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан юм.


Өнөөдрийн хуралдаанаар дээрх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улс парламентын засаглалтай болсон 35 жилийн хугацаанд нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил байсныг, харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтвортой ажилласан бөгөөд ийнхүү төрийн тогтвортой байдлыг хангахад парламентын дэмжлэг чухал байсныг Б.Жавхлан гишүүн хэллээ. 


УИХ-ын гишүүн Б.Хэрлэн хэлэлцэж буй саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг эшилж, төсөв батлах, өвөлжилтийн бэлтгэл хангах тэргүүтэй хийх ажил их байгааг сануулж, нийтээрээ хууль дээдлэх зарчмыг баримтлахыг хүсэв. 


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, төлөөллийн чадавхаа бэхжүүлсэн ардчилсан парламентын засаглалтай улс орны үнэ цэнийн талаар үг хэлээд, баримт нотолгоогүйгээр нэгнээ гүтгэж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа хариуцлагыг хүлээлгэх үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж байна гэлээ. УИХ-ын гишүүн М.Мандхай, Э.Болормаа нар эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулсан нөхцөл үүсээд байгаагаас үүдэн иргэдийн амьдралд хүндрэх эрсдэл бий гэдгийг сануулаад, төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хэлэлцэж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.


Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын 22 гишүүний 19 нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Related news