"Silk way star" шоуны дөрөв дэх шатанд Монгол, Малайзын дуучид түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
Jargal.d@montsame.mn
2025-10-15 17:37:45

АСТАНА, 2025 оны аравдугаар сарын 15 /astanatimes/. "Silk way star" олон улсын дууны тэмцээний дөрөв дэх дугаарыг Монгол Улсын дуучин Ж.Мишээл, Малайзын дуучин Язмин Азиз нар хоёулаа шүүгчдээс 120 оноо авснаар ялагчаар тодорлоо. 


Харин Өмнөд Солонгосын KANDIS хамтлаг дахин сүүл мушгиж 86 оноо авснаар дараагийн дугаарт хасагдах магадлалтай болжээ.


Энэ удаагийн дугаарт оролцогчид бусад орны дууг эх хэлээр нь дуулсан юм. Монголын дуучин Ж.Мишээл “Wu Niang” гэдэг хятад дууг сонгожээ. Дуучны хэлснээр, тэрбээр энэ үзүүлбэрт маш удаан хугацаанд бэлтгэжээ. Хятад хэлний хэцүү хэллэгээс гадна дууны ая ч мөн тун төвөгтэй байсан ч эцэст нь Мишээл шүүгчдийг байлдан дагуулжээ.


Дөрвөн дугаарын дараа Казахстаны дуучин 470 оноогоор уралдааныг тэргүүлж байгаа бол Монгол ба Малайз дуучид хоёулаа 450 оноотой удаалж байна. Долоо хоногийн өмнө бүх оролцогчид Казахстаны хит дууг дуулсан юм. 


“Silk Way Star” бол Азийн тивд болж буй ийм төрлийн анхны олон улсын дууны тэмцээн бөгөөд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос гэсэн 12 орны уран бүтээлчид өрсөлдөж байна.  


Финалын шоу  ирэх 11 дүгээр сарын 22-нд болох ба Казахстаны “Jibek Joly” сувгаар болон оролцогч орнуудын гол телевизүүдээр шууд дамжуулна. Ялагчийг шүүгчийн оноо ба үзэгчдийн цахим саналыг 50/50 хувиар тусган тодруулна. Тус шоу дэлхий даяар 1 тэрбум гаруй үзэгчдэд хүрэх төлөвтэй байна.



Related news