Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-09 08:38:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос энэ сарын 8-нд  “Усны нөөцийг хамгаалах, цөлжилтийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Цэнхэр бодлого-хүн төвтэй хүрээлэн буй орчин” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилттэй, нийт бэлчээрийн 34.5 хувь нь газрын доройтолтой, говийн бүсийн газар нутгийн 50 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн олборлолтын тэлэлт, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн хэв маяг алдагдсанаас шалтгаалан бэлчээр болон газрын доройтол үүсэж байна гэв.  


Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн 44 сумын 357 усны эх үүсвэрийг MNS0900:2018 стандарттай харьцуулан судлахад физик, химийн үзүүлэлт 81.2 хувь, хүнд металл 73.18 хувийн эрсдэлтэй гэж үнэлжээ. Хими, биологи, хүнд металлын агууламж нь хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эрсдэл, аюултай гэдгийг тэрбээр анхаарууллаа.

Танилцуулгын дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс хамгаалах асуудлаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мөнхнасан бэлчээр хамгааллын чиглэлээр тус тус мэдээлэл хүргэхдээ эрх зүйн орчныг тодорхой болгох, сайжруулах шаардлагатайг онцлов.


Түүнчлэн бэлчээрийг даацад нийцүүлэн хязгаарлаж, ашиглалтын ачааллыг бууруулах, хамгаалалтын асуудлыг анхаарч, доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр:

Хангайн бүсийн аймгуудад:

-Цэвдэгтэй чулуулаг тархсан нутагт нарны эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах

-Ус хуримтлуулах боломжтой газрын судалгаа хийж, хөв цөөрөм барих

-Говийн сумдад инженерийн хийцтэй худаг шинээр барих. 


Говь, тал хээрийн бүсэд:

-Ашиглалтгүй байгаа бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр барих

-Инженерийн хийцтэй худагт нарны эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах

-Худаг хоорондын зайг ойртуулах

-Усны чанар муутай худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах. 


Төвийн бүсэд:

-Хэрэглээ өндөртэй тул том диаметртэй, ундарга сайтай инженерийн хийцтэй худаг шинээр барина гэлээ. Энэ үеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар Бага хурлын зохион байгуулалтын талаар мөн хэлэлцэв. Урьдчилсан байдлаар 7000-10000 орчим төлөөлөгч оролцох бөгөөд Монгол Улс өөрийн онцлог болон байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг ахиулахад чиглэсэн гурван багц санаачилга гаргажээ. Тодруулбал, бэлчээр, гүний ус, газрын нэгдсэн менежмент, байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга дэвшүүлсэн байна.


Хэлэлцүүлгийн дүнд гарсан санал, дүгнэлт, зөвлөмжийг байнгын хорооноос холбогдох хууль тогтоомжид тусгах болон зарчмын зөрүүтэй саналыг төсвийн хүрээнд тусгана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Related news