ӨВӨРХАНГАЙ: Хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулдаг “Малчдын хамтын хүч” хоршоо нь хуш модны самрыг үйлдвэрийн горимын дагуу савлан худалдаанд гаргаж байна.
Хоршооны гишүүд түүсэн самраа угааж жигнэн хатаагаад 150 граммаар савлан эрүүл ахуй, чанарыг сайжруулж, хадгалах хугацааг уртасгаж байгаа юм. Мөн сарлагийн сүүгээр нэрсэн шимийн архинд самар дарж, эмчилгээний бүтээгдэхүүн гаргаж байна.
Тус хоршоо нь 2010 онд байгуулагдсан, одоогоор 17 малчны бүлгийг нэгтгэж, 408 гишүүнтэй болсон бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэн 15 малчин өрх 330 сая төгрөгийн зээлийн дэмжлэг авч, малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох, сүү, цагаан идээг боловсруулах, зөгийн аж ахуй хөгжүүлэх, газар тариалан эрхлэх зэргээр үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөж байна.
“Төр засгийн хоршоог дэмжих бодлого байнга
өөрчлөгдөж байдгаас болж, хоршоо тарж бутрах асуудал үүсдэг. Хоршоо хөгжихөд хүний
нөөц, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт хамгийн чухал. Малчид, иргэд маань нэг
үеэ бодвол хорших, нэгдэхийн давуу талыг ойлгодог болсон” хэмээн “Малчдын
хамтын хүч” хоршооны дарга Х.Алтанцэцэг хэллээ.