ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 17 байршилд 59 хяналтын камер шинээр суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Теле камерын хяналтын дэд төв ажиллаж байна.
Энэ онд 500 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэн Мөрөн суманд нийт 17 байршилд 59 хяналтын камер шинээр суурилуулж ашиглалтад орууллаа.
Тодруулбал авто машины дугаар таних камер 6, 360 хэмийн эргэдэг камер 2, чиглэлийн камер 51-ийг суурилуулжээ.
Камерын хяналтын системийг Теле камерын хяналтын дэд төвөөр дамжуулан ашиглаж, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Теле камерын хяналтын дэд төв он гарсаар нийт 220 өргөдөл, хүсэлт хүлээн
авч 73.1 сая төгрөгийн эд зүйлийн хохирлыг барагдуулсан бол, камерын
тусламжтайгаар 6900 гаруй замын хөдөлгөөний дүрэм зөрчлийг илрүүлэн холбогдох
байгууллагад мэдэгдэн хяналт тавьжээ.