Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-14 11:05:48

2016 оны 11 сарын 03-ний өдөр  УИХ-ын  51 дүгээр  тогтоолоор “Авилгатай  тэмцэх  үндэсний хөтөлбөр”-ийн бодлогын  бичиг  баримтыг  2016-2020 онд хөтлөн хэрэгжүүлэх шийдвэр гарсан билээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Авилгатай тэмцэх газрын тусгай ажлын хэсэг 21 аймагт  томилогдон  ажиллаж, АТГ-ын АБХШНА-ны дарга, ахлах комиссар Т.Баярхүүгээр  ахлуулсан  6  хүний  бүрэлдэхүүнтэй  ажлын  хэсэг Ховд  аймагт 11 сарын 11-14 өдрүүдэд  ажиллаж байна.

Тус ажлын  хэсэг 11 сарын 11-ний  өдөр  аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон төрийн  байгууллагын удирдах ажилтнуудтай уулзалт хийж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд  зөвлөлийг гурван гишүүнтэйгээр байгуулах тухай  хэлэлцлээ.

Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч Аймгийн төлөөлөл АТГ-ын АБХШНА-ны дарга, ахлах комиссар Т.Баярхүү уулзалтыг нээж, ажлаа танилцуулахдаа, “Нутгийн өөрөө удирдах болон төрийн  захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн  ёс зүй, хүнд суртал, хууль бус тендер шалгаруулалт, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоох,  тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгох, ашиг сонирхлын зөрчил, төсвийн зөрчил, хөрөнгө оруулалтын худал мэдээлэл гаргасан, хууль бус санхүүжилт хийсэн гэх мэт зөрчил нийгэмд  түгээмэл байна. Эдгээрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Орон нутгийн түвшинд үр дүнтэй ажлыг зохион байгуулах, албан тушаал дахь авилгын гэмт хэргийг ил болгож зөрчилтэй тэмцэх олон нийтийн хяналтыг бий болгох, нэмэгдүүлэх нь бидний ажлын гол  зорилго юм. Авилгын эсрэг тэмцэх олон нийтийн оролцоо, хяналт нэмэгдсэний үр дүнд төрийн байгууллагын хүнд суртал алга болж авилгын мэдээллийн ил тод байдал нэмэгдэж, иргэд өөрсдөө шийдвэр гаргах, хянаж  шийтгэх эрхтэй болно“ гэдгийг онцолсон юм.

Мөн  “Авилгатай  тэмцэх  үндэсний  хөтөлбөр”-ийг АТГ-ын  ажлын хэсгийн  гишүүн УССГХ-ийн  ахлах  ажилтан, ахлах  комиссар Л.Батбаяр танилцуулж Авилгын эсрэг хууль, тогтоомжийн  талаар Тамгын  хэлтсийн ажилтан, комиссар З.Энхтайван мэдээлэл өглөө. Бас ХШДШХ-ийн ажилтан, комиссар Ц.Баасандэлгэр Хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын  мэдүүлэг, цахим бүрдүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан  юм. 

АТГ-ын ажлын хэсэг 11 дүгээр сарын 12-ны өдөр Хувийн хэвшлийнхэнтэй уулзалт   хэлэлцүүлэг хийжээ.  Тус хэлэлцүүлэгт Тамгын  хэлтсийн  ажилтан, комиссар  З.Энхтайван   “Авилгатай  тэмцэхэд  хувийн  хэвшлийн  үүрэг  оролцоо” сэдэвт  илтгэл  тавьсан  бөгөөд   АТГ-ын  ажлын  хэсэг  Бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөлүүдтэй  санал  бодлоо  солилцож, Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн,  хийж   хэрэгжүүлж  буй  ажлын  талаар мэдээлэл байгаа  эсэхийг  тодруулах,   иргэдийн санал, өргөдөл гомдлыг  хүлээн  авч шийдвэрлэх үйл  ажиллагаа  явууллаа.

Мөн 11 сарын 14-ны өдөр Аймгийн хууль, хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнууд, Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Мэргэжлийн  хяналт, Аудит,  Хилийн цэрэг, Гаалийн ажилтануудтай уулзалт хийж байна. Энэ үеэр Ажлын  хэсгийн ахлагч Аймгийн төлөөлөл АТГ-ын АБХШНА-ны дарга, ахлах комиссар Т.Баярхүү 2013-2015 онд аймгийн иргэдээс гаргасан өргөдөл гомдол, шийдвэрлэлтийн талаар  мэдээлэл хүргэв.

А.Бямбасүрэн

Related news