Израилын тал Газад өгөх цохилтоо эрчимжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-15 14:49:27

ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 15 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөргөлдөөний асуудлыг хэлэлцэхээр Израилд ням гарагт хүрэлцэн ирээд буй энэ үед Израилын цэргүүд Газын зурвас дахь 30 орчим орон сууцны барилгыг устгаж, олон мянган хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн гэж Палестины төлөөлөгчид мэдэгджээ. 


ХАМАС бүлэглэлийг устгахын тулд нэг сая орчим палестинчууд амьдарч байгаа хотыг эзлэн авахаар төлөвлөж буйгаа Израилын тал мэдэгдэж, тус бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэгдэх тус хот руу дайрах ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. 


Гал зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаар хэлэлцээ хийж байсан ХАМАС-ын улс төрийн удирдлагыг онилон Израилын тал өнгөрсөн мягмар гарагт Дохад агаараас цохилт өгсөн нь хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа юм. 


Катарын тал даваа гарагт Арабын лиг-Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний яаралтай уулзалтыг зохион байгуулж, дараагийн алхмуудыг хэлэлцэх ажээ. М.Рубио хэлэхдээ, Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байгаа 48 хүнийг суллах, тус зурвасыг сэргээн босгох талаар хэлэлцэхийг Вашингтон хүсэж байна гэжээ. Барьцаанд байгаа хүмүүсийн 20 нь амьд байгаа гэж үзэж байгаа юм.


Болоод өнгөрсөн явдал бол болоод өнгөрсөн. Бид тэдэнтэй (Израилын удирдлага) уулзах болно. Ирээдүйд юу болох талаар бид ярилцах болно гэж М.Рубио Израилыг зорихынхоо өмнө мэдэгдсэн байна. Түүний айлчлал мягмар гараг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийх төлөвтэй байна.


Израилын талын мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногт ХАМАС бүлэглэлийн тагнуулын болон мэргэн буучдын байрлал, хонгил, зэвсгийн агуулах бүхий 500 гаруй объектыг онилон агаарын цохилтыг таван удаа явуулжээ.


Цохилтод өртөн ням гарагт 45 хүн амиа алдсаны ихэнх нь Газа хотод байсан гэж Палестины албаныхан мэдээлсэн байна. Израилын цэргүүд наймдугаар сарын 11-нээс хойш 1600 орон сууцны барилга, 13 мянган майхныг устгасан гэж ХАМАС мэдэгджээ.

 


Related news