ХӨВСГӨЛ: Буриад улсын ХААИС-д малын эмч мэргэжлээр 8 оюутан хөнгөлөлттэй нөхцөлөөр сурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-03 14:33:26

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хамгийн их эрэлттэй байгаа малын эмч мэргэжлээр аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр найман оюутан Буриад улсын Хөдөө аж ахуйн сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар замдаа гарлаа.


Оюутнууд 5 жилийн хугацаанд малын эмч мэргэжил эзэмшиж, төгссөний дараа нутагтаа эргэн ирж ажиллах бөгөөд энэ нь Хөвсгөл аймгийн мал аж ахуйн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.


Хөвсгөл аймаг улсын хэмжээнд хамгийн олон малтай, эдийн засгийн бүтэц болон ажиллах хүчний 50 гаруй хувь нь мал аж ахуйгаас бүрддэг.


Иймээс мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж нутагтаа тогтвортой ажиллуулах зорилготой дэмжин ажиллаж байна гэдгийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар онцлоод оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.


Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрхөд 5 сая гаруй толгой малтай улсад тэргүүлдэг боловч малын эмч хүрэлцээ дутагдалтай байна.

 

 

Related news