Шинэ Зеланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Шинэ Зеланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жонатан Остинтой энэ сарын 1-нд уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг
Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэхийн зэрэгцээ
2025 онд тохиож буй Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа
тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ
Зеланд Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг,
боловсрол, хөдөө аж ахуй зэрэг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн
хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Жонатан Остин Монгол Улсад Элчин сайдаар
томилогдон ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хагас зуун жилийн түүхтэй
хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхийн
төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.