Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн параолимп болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 13:04:47

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах аймгийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих, нийгэмд оролцох боломжийг нэмэгдүүлж, олон нийтэд эерэг хандлага төрүүлэх зорилготой олон арга хэмжээг 10 сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал Монгол дахь Энхтайвны корпус, Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай хөгжлийн хөтөлбөр, аймгийн Биеийн тамир, спортын газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуультай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Параолимпийн тэмцээнийг энэ сарын 22, 23-ны өдөр зохион байгуулах юм. Тэмцээнд сум бүрээс 14-18 насны хоёр хүүхэд, Арвайхээр сумаас 14 хүүхэд оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөх аж.

Мөн 10 сарын 26,27-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулж, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2013-2016 онд хэрэгжиж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах аймгийн хөтөлбөрийн хүрээнд Арвайхээр сумын 3-р цэцэрлэг, ЕБ-ын 2-р сургуулийн дэргэд  42 хүүхэдтэй тусгай бүлэг хичээллүүлж, Орон нутгийн хөгжлийн сан, Энхтайвны корпусын хөрөнгө оруулалт 20 сая төгрөгөөр Амьдрах ухааны танхимтай болгосон юм. 

Б.Батчимэг

Related news