Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-02 10:52:16

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 2 /AP/. Канад, Бразил, Энэтхэг, Тайваниас импортлох бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсны дараа Америкийн хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унажээ.


Арилжааны мэдээллээс үзвэл, Dow Jones Industrial Average индекс 633.77 нэгж буюу 1.44 хувиар буурснаар 43,491.55 нэгж, S&P 500 индекс 107.59 нэгж буюу 1.70 хувиар буурч 6,231.80 болжээ. Мөн Nasdaq индекс 483.70 нэгж буюу 2.29 хувиар буурсан байна. Харин Уолл Стритийн “айдас хэмжигч” гэгддэг CBOE хэлбэлзлийн индекс ойролцоогоор сүүлийн зургаан долоо хоногийн хугацаан дахь дээд цэгтээ хүрч, 20.66 нэгжээр өсжээ.


Тарифаас гадна АНУ дахь ажлын байрны өсөлтийн талаарх статистик тайлан таамаглаж байснаас доогуур гарсан нь Америкийн эдийн засаг сулрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн байна. АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, өнгөрсөн сард ажил олгогчид ажлын байрны тоог ердөө 73 мянгаар нэмэгдүүлсэн нь таамаглаж байснаас /115 мянга/ илт цөөн байв.



 

Related news