“Хүнд металлын загалмайлсан эцэг” Оззи Осборн таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 23 /DW/. Английн алдарт “Black Sabbath” рок хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборн 76 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн мягмар гарагт мэдэгджээ.
“Тэрбээр гэр бүлийнхнийхээ дэргэд хайр халамжаар дүүрэн байхдаа таалал
төгслөө. Энэ хүнд цаг үед
бидний гэр бүлийн хувийн амьдралыг
хүндэтгэхийг хүн бүхнээс хүсэж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. О.Осборн 2020 онд унаж бэртсэний
дараа Паркинсоны өвчин туссан гэдгээ олон нийтэд дуулгаж байв.
О.Осборн нас барсанд гүнээ эмгэнэн гашуудаж,
“энэ мэдээг сонсоод уй гашууд автсан” гэдгээ Их Британийн Хууль зүйн сайд, Бирмингемийн тойргийг төлөөлж буй
парламентын гишүүн Шабана Махмуд мэдэгджээ.
Оззи Осборны
дурсгалыг хүндэтгэж байна
О.Осборн таалал төгссөнд эмгэнэн гашуудаж буйгаа Английн алдарт дуучин Элтон Жон “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ түүнийг “рок бурхдын орон зайд өөрийн байр суурийг эзэлсэн томоохон түүчээлэгч - жинхэнэ домог” хэмээн тодорхойлсон байна. “Тэрбээр мөн миний уулзаж байсан хамгийн хөгжилтэй хүмүүсийн нэг байсан. Би түүнийг маш их санах болно” гэж Э.Жон бичжээ.
Мөн алдарт “Rolling
Stones” хамтлагийн гитарчин
Ронни Вуд О.Осборн нас барсан тухай мэдээг сонсоод “асар гунигтай" байгаагаа
илэрхийлээд, өнгөрсөн долоо
хоногт Бирмингемд болсон рок одын сүүлчийн тоглолтыг “гайхалтай салах ёс гүйцэтгэх ёслол” гэж
нэрлэсэн байна.
Түүнчлэн “Nirvana” хамтлагийн зүгээс “Black Sabbath”-ыг “Хүнд рокийн загвар” гэж тодорхойлжээ. Тус хамтлагийнхан мөн Оззи
Осборнд урам зориг өгсөнд нь талархал илэрхийлсэн байна.
KISS хамтлагийн дуучин Жен Симмонс мөн О.Осборны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. “Тэр бол агуу хүн
байсан. Дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчийн хайр хүндэтгэлэлийг хүлээсэн билээ” гэж Ж.Симмонс хэллээ. Харин алдарт дуучин Род Стюартын хувьд “Баяртай, баяртай Оззи. Амгалан нойрс доо, найз минь” гэж бичжээ.
Бирмингемийн ажилчин
ангиас “Хүнд металлын загалмайлсан эцэг” хүрсэн замнал
Жон Майкл Осборн 1948 онд төрсөн бөгөөд Английн төв хэсэгт
орших Бирмингем хотод ажилчин ангийн гэр бүлийн зургаан хүүхдийн дөрөв дэх хүүхэд ажээ. Тэрбээр багадаа дислекси буюу унших, бичихтэй холбоотой сэтгэл зүйн хөгжлийн эмгэгээр шаналж, 15 настайдаа сургуулиа
орхиж, хар ажил хийж байжээ.
Тэр ч байтугай нэг удаа хулгайн хэргээр богино хугацаанд шоронд хоригдож байсан гэнэ.
О.Осборны
хөгжмийн замнал 1970-аад онд
хүнд металл жанрын “Black Sabbath” хамтлагийн ахлагчаар эхэлсэн байна. “Paranoid”, “War Pigs”, “Sabbath Bloody Sabbath”
зэрэг хит дуунууд нь хамтлагийг
алдаршуулжээ. Түүнийг шүтэн бишрэгчид
нь “Харанхуйн хунтайж”, “Хүнд металлын загалмайлсан эцэг” гэж
тодорхойлдог байв.
О.Осборн
төрөлх Бирмингем хотод үдэлтийн тоглолтоо хийснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа
таалал төгсжээ. “Энэ бол
хамгийн сүүлчийн дуу. Та бүхний
дэмжлэг биднийг гайхалтай амьдралаар амьдрах боломжийг олгосон... Та
бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа”
гэж О.Осборн “Black Sabbath” хамтлагийн хамгийн алдартай дуу болох “Paranoid” дуугаар тоглолтоо дуусгасныхаа дараа цугласан олонд хандан хэлжээ.