Дундговь аймаг 4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:16:30

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Дундговь аймгийн татвар төлөгчид улс, орон нутгийн төвлөрсөн төсөвт 4 тэрбум 286 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлсэн байна.

Хэдийгээр орлогын төлөвлөгөө нийт дүнгээр ийнхүү давж биелсэн үзүүлэлттэй байгаа ч нэлээд хэдэн татварын орлого тасарч явааг Татварын хэлтсээс мэдээлсэн юм.

Дундговь аймаг улс, орон нутгийн төвлөрсөн төсөвт  27 төрлийн татварын орлого бүрдүүлдэг. Үүнээс гуравдугаар улирлын байдлаар 16 төрлийн татварын орлого тасарсан бөгөөд анхаарал татахуйцаар тасарч яваа орлого нь хог хаягдлын үйлчилгээний хураамж, газрын дуудлага худалдаа, түгээмэл тархацтай ашигт малтмалын орлого болж байгаа ажээ. Тухайлбал, хог хаягдлын менежментийг авч яваа тогтсон байгууллага байхгүйгээс хог хаягдлын үйлчилгээний хураамжаас төвлөрөх 51.6 сая төгрөгийн дөнгөж 5.1 сая нь, газрын дуудлага худалдаа явуулж хэвшээгүйгээс үүнээс төвлөрөх 100 сая төгрөгийн 8.9 сая, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зам, барилга байгууламжийн бүтээн байгуулалт цөөн байснаас 38.4 сая төгрөгийн 21 сая нь төвлөрсөн байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news