Өнөөдрөөс эхлэн тав хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баяр наадмын амралтын өдрүүд буюу өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15" гэж заасан байдаг. Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин энэ сарын 16 буюу лхагва гаргаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ. Тухайлбал, лхагва гарагт 3, 8-аар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй юм.
Өнөөдөр үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт эхэлсэн ч замын хөдөлгөөн хэвийн, түгжрэлгүй үргэлжилж байгаа бөгөөд Хүй долоон худгийн зогсоол 5-10 хувийн дүүргэлттэй байна. Хүй долоон худаг орчимд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм. Хүй долоон худгийн замаас цааш дамжин 61-ийн гарам руу нэвтрэх боломжгүйг анхааруулав.
Наадамчин
олныг бие биеэ хүндэтгэн, цагдаагийн алба хаагчдын шаардлагын дагуу, нөхцөл
байдлыг ойлгож хүлээцтэй хандан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн
цагдаагийн албанаас уриаллаа.
Related news

