ХОВД: Урианхай, торгууд, дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-08 14:55:40

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өдгөө захчин, дөрвөд, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Эдгээр угсаатны хувцас нь өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, бэлгэдлийг агуулж байдгаараа онцлогтой

Энэ удаа урианхай, торгууд, дөрвөд угсаатны дээл хувцасны онцлогийг товч танилцуулж байна.   

Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд ихэвчлэн урианхай угсаатан амьдардаг.  


Урианхай угсаатны эрэгтэй дээл нь хар хэрвээтэй, хоёр талаараа оноотой, оноог нь хэрвээлж эмжиж өгснөөрөө бусад дээлээс онцлог байдаг. Нударга нь нэлээд том. Малгай нь ерөнхийдөө дуулга хэлбэртэй байна.

Эмэгтэйчүүдийн дээлийн суга нь 16-17 см өргөн. Ташаанаасаа гурав эсвэл таван өнгийн алчуурыг унжуулсан байдаг. Үсний гэрнийхээ дороос хүнд хүчир гоёл байхгүй хэрнээ бэлгэдлийн шинжтэй зангидаад, цацаг унжуулдаг. Малгай нь тоорцог хэлбэрийн хоёр тал руугаа чихээ буулгаж өгдөг. Мөнгөн эдлэл чимэглэлийг зургаан талд нь хатган өгч, дээлний захыг тойруулсан цагаан захтай, дотуураа нимгэн улаан өнгөөр эмжсэн цагаан захтай байдаг. 

Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл дэлгэрсэн хувцасны төрөл бол цэгдэг. Цэгдэг нь нөхөрт гарсан эмэгтэй хүн тэрлэгийнхээ гадуур давхарлаж өмсдөг гоёлын давхац өмсгөл юм. 

Ховд аймгийн Булган сумын хүн амын 70 гаруй хувийг торгууд угсаатан эзэлдэг. 


Торгууд дээлийн суга, ханцуй уужим, хормой урт. Зарим нь дан хурган дотортой, ангийн  үсээр энгэр, зах, ханцуйг  эмжсэн дээл өмсдөг байв. Өвлийн ид хүйтэнд ханцуйн дотуур дугтуй (ханцуйвч) хийх бөгөөд дээлийн ханцуй урт тул жолоо цулбуур, тажуур барих зэрэгт гар даардаггүй.

Дээлийн энгэрт гурав, зах, суга тус бүрт нэг товч хадах бөгөөд ташаанд товч хадах нь ховор байв. Эхнэр хүн ханцуйгүй урт цэгдэг хийж, дан тэрлэгийн хамт хадмын дэргэд үргэлж өмсдөг аж.  

Торгууд эрэгтэйчүүд халван хэмээх малгай өмсдөг байсан нь өдгөө ардын дуу бүжгэндээ хэрэглэх болсон байна. Өвөл нь ихэвчлэн орой дээрээ сампин, цацагтай, өмссөн хүний бүсэлхий хүртэл унжсан урт залаатай, эрүүвчтэй “туувь” малгай өмсдөг байжээ.   

Хүйтний улиралд хүүхдэд хурган дотортой дөрвөлжин малгай өмсгөн түүнийг жатаг хэмээн нэрлэдэг байв. Торгууд эмэгтэйн тоорцог малгай  шүр, сувдаар хийсэн үлэмж гоё хээ чимэгтэй. Тоорцогны гоёл нь их утга учиртай.

Тоорцогны урд талд зэндмэнэ хэмээгч өглөг буяныг хураагч хүссэн бүхнийг бүтээгч норво эрдэнийг мөнгөөр үйлдэн хадаж, түүний дотор саран нэрт зоосон хээг гоёмсоглон урлана. Зоосон  хээ  нь угтаа баян гэсэн утгатай  үг бөгөөд монгол түмний дунд өгөөмөр баян, саруул тунгалаг байхын тэмдэг болжээ.

Торгууд эрэгтэй, эмэгтэй хүний гутал (госон) нь монгол овогтны дунд алдаршсан тоокуу билээ. Тоокуунд эрэгтэй, эмэгтэй, мөн баруун зүүн хөлийнх гэж ялгахгүй.

Торгууд угсаатны өмсдөг байсан нэг гутал бол ятгар госон юм. Энэ нь булигааран түрийтэй. Хоншоор нь өндөр, уланд нь хэд хэдэн эсгий ширж, хамгийн гадна талд нь үхрийн шир оёсон байдаг аж.    

Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд угсаатан аж төрж буй. 


Дөрвөд угсаатан  ХIХ зууны сүүлч ХХ зууны эхэн үед эрэгтэй, эмэгтэйгүй нэхий, хурганы арьсаар хийсэн дээл өмсдөг бол, зуны улиралд бөс даавуу, торго дурдангаар  хийсэн тэрлэг өмсдөг байжээ.

Дөрвөдүүд үстэй дээлийг ”дэвэл”, “үч”, зуны тэрлэгийг “лавшиг”, эхнэрүүдийн өмсдөг ёслол, хүндэтгэлийн хувцсыг ”цэгдэг”, “тэрлэг” гэж нэрлэнэ.

Дөрвөд угсаатан нь дээл хувцасны хэсгүүдийг дараах байдлаар нэрлэдэг.  Үүнд, дээлийн энгэрийг “өвөр”, нударгыг “нудрам”, дээлийн энгэр, хормойн эмжээр гоёлыг “хатгаар”, “кааз”, “цалам”, “зүрхэн омог”, “нари”, “дайз”, “балбалж”, “хош”, “тушаа”, гутлыг “госон”, малгайг “малхай” хэмээдэг.  

Дөрвөд угсаатан өвлийн цагт цагаан нэхийгээр оёсон дээл өмсөнө. Дээл нь оноогүй, хормойн хэсэгт эмжээргүй. Дээлийн хөвөөг “цалам”, энгэрийн эмжээрийг ”манз” гэж нэрлэдэг. Өнгө татаж хийсэн нимгэн үстэй, хурган дотортой дээлийг “үч” гэнэ.

Эрэгтэйчүүд цагаан өнгийн дээл өмсөж, хөх бүс бүсэлнэ. Бүснийхээ хоёр үзүүрийг хоёр хонго руугаа уртхан унжуулдаг. Эрэгтэй тэрлэг нь хар хилэнгээр хөвөө цалам тавьсан, эргэсэн зах, эргэдэг нударгатай. Уг дээл нь ташаандаа хөндөлтэй, бараан өнгийн хөвөөтэй, улаан өнгийн буу (гурвалжин) хээ бүхий оноотой. Хормойн хэсэг нь хөвөөгүй, бүснийхээ хоёр үзүүрийг унжуулж бүсэлдгээрээ  бусдаас онцлогтой. 

Дөрвөд эхнэрүүд хар хөх өнгийн тэрлэг өмсөнө. Тэрлэгний энгэр, захад таван мөнгөн товч хадаж сугаа бүчилдэг. Тэрлэгний өвөр хийгээд нудрамыг хоргойгоор хөвөөлж, солонгон тууз хадна. Тэрлэгний хормой нь хүрээ (хөвөө)-гүй байдгаараа ойрадын бусад угсаатнаас ялгаатай. Хөвөөгүй байдаг нь нэг нутагт хашигдахгүй, хаашаа ч чөлөөтэй гарч болно гэсэн утгыг агуулдаг.     

 

 

Related news