Японд 5500 метрийн гүнээс газрын ховор металл олборлоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-02 15:15:05

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 2 /Nikkei Asia/. Японы Минамиторишима арлын эрэг орчимд далайн ёроолоос газрын  ховор металл олборлох төслийг 2026 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа тухай Nikkei Asia сонинд мэдээлжээ. 


Газрын ховор металлуудыг өрөмдлөгийн тусгай хөлөг онгоц ашиглан 5500 метрийн гүнээс олборлох ажээ. Ингэхдээ далайн ёроолоос их хэмжээний лаг шаврыг цуглуулан, дараа нь эх газарт авчран боловсруулна. Энэ нь дэлхийд анх удаа хэт гүнээс ховор металл олборлож буй тохиолдол болох юм. 


Төслийг хэрэгжүүлж буй Японы Далайн болон газрын шинжлэх ухаан, технологийн агентлагийн (JAMSTEC) тооцоолсноор, 1 тонн лаг шаварт хамгийн багадаа 2 кг газрын ховор металл агуулагддаг байна. Японы далайн ёроол ашигт малтмалаар нэн баялаг бөгөөд зөвхөн Минамиторишима арлыг тойрсон бүсэд 16 сая тонн орчим ховор металлын нөөц илрээд байгаа аж. Энэ нь дэлхийд хэмжээгээрээ гуравт орох нөөц юм. Мөн эдгээр орд нь цахилгаан авто машины үйлдвэрлэлд хэрэглэгддэг диспрозийн өндөр агууламжтайгаас гадна цөмийн эрчим хүчний салбарт ашигладаг чухал элемент болох гадолинийг их хэмжээгээр агуулдаг байна. 


Япон улс дэлхийн нийт олборлолтын 70 орчим хувийг эзэлдэг Хятадаас хамааралт байдлаа багасгахын тулд газрын ховор металл олборлох технологийг эрчимтэй хөгжүүлж байгаа юм.



Related news