Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халж, хуурайшилт их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-25 12:43:20

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ой, хээр түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ярихдаа, “Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт 121 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 40.4 хувь өссөн дүнтэй байна. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт их байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.


Харин ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ярихдаа, “Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Мөн нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсч, ялангуяа энэ сарын 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэв.


Тэгвэл ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, “Улсын хэмжээнд сүүлийн таван жилд бүртгэсэн нийт усны ослын тохиолдлоор амиа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь долоодугаар сард амиа алдсан. Мөн усны ослын хувьд 12 гол, хоёр нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар хоёроос дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэсэн. Харин он гарсаар улсын хэмжээнд зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин 23 хүн буюу 16 том хүн, долоон хүүхэд амиа алдаад байна. Тиймээс иргэд, аялагчдыг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна” гэв.


Мөн Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоон хоногийн пүрэв гаргийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарлаж, ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлын эрсдэлийг тооцон, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг өгөх http://quiz.belenbai.mn/ сайтыг ажиллуулж байгаа аж. 



Related news