Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 45 мянган хүний амийг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 15:03:23

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд боллоо.


Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар үг хэлсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аливаа гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдадаа Монголын ард түмэн ямагт баярлан талархаж, бахархан хүндэтгэдэг билээ. Төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа онцгой байдлын нийт алба хаагч Та бүхэнд болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.


Засгийн газраас Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлж, чадавхыг нэмэх, эрсдэлийн удирдлагын реформ хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагын стратеги, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна хэмээн Монгол Улсын Шадар сайд Амарсайхан нээлтийн үеэр онцлов. 


Тэрбээр хэлэхдээ Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын 21 салбар нэгжийг орон нутагт шинээр байгуулж, тус байгууллагын үйлчлэх хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувьд хүрсэн. Мөн  аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, төсөв санхүүжилтийг бодитой нэмж, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт дунджаар 58 хувь, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүрсэн” хэмээв. 


Харин ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ярихдаа, “Өнгөрсөн 21 жилийн хугацаанд алба хаагчид маань бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил ачааны хүндийг үүрч, улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсад энхийг сахиулж, эрэн хайх, аврах ажиллагаанд хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхтай болж байна. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа цаг ямагт үнэнч байж, аливаа бэрхшээл бүхнийг мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, зориг, тэвчээр гарган даван туулж ирсэн үе үеийн алба хаагчдаараа Онцгой байдлын алба үргэлж бахархдаг билээ. Манай хамт олноос 21 жилийн хугацаанд 29 гавьяат цолтон төрөн гарч, төрийн дээд одон медалиар 2810, Засгийн газрын шагналаар 2494 алба хаагч тус тус шагнагдсан нь энэ цагийн эгэл баатар болсон та бүхнийг төр, ард түмэн ямагт хүндлэн дэмжиж ирсэний тод илрэл юм” гэв. 

 

Онцгой байдлын албаны алба хаагчид 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. 





 





Related news