Солонгосын “Тал нутгийн гэрэл” үзэсгэлэнг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-09 09:50:56

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музейд “Тал нутгийн гэрэл” медиа үзэсгэлэнг өчигдөр нээлээ.


Тус үзэсгэлэн нь таван сонгодог зургийг орчин үеийн соёл иргэншил, олон улсын түүх соёлтой уялдуулан дижитал хэлбэрт буулгаж, зургийн пиксел бүрд шинэ утга агуулгыг шингээснээрэ онцлогтой. Медиа урлагийн төрлөөр дагнан ажилладаг И Нам 2016 оны Бусаны биеннальд Google-ийн Tilt Brush технологийг ашиглан виртуал реалити бүтээл толилуулсан анхны солонгос уран бүтээлч юм. Тэрбээр Бельги, Хятад, Франц, Катар, Сингапур, Их Британи, АНУ зэрэг оронд 800 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан. Түүний хувьд үндэстний хил, иргэншил, хүн төрөлхтөн нэгэн цул болон нэгдэж буй орчин үеийн нийгмийг дүрсэлж, байгалийн гоо зүй, амьд оршихуйн гэрэл гэгээг харуулахыг зорьдог аж.


Түүний бүтээлээс онцолбол, XIX зууны сүүл үеийн Солонгосын байгалийг дүрсэлсэн Ким Ха Жоны “Тэнгис ба уулсын зурагт ном”-оос сэдэвлэсэн хөдөлгөөнт бүтээлүүд үзэсгэлэнгийн орон зайг бүрэн дүүргэнэ. Энэхүү олон давхар үет видео суурьтай инсталляц нь үзэгчдэд өөрсдийн төрсөн нутгийн дурсамжийг эргэн санахуйг уриалдаг аж. Мөн “Солонгос ба Монголын туяа” бүтээлээс нар болон сар хоёр орны нутаг дэвсгэрээс харилцан адилгүй өөр харагддаг ч, тэдний гэрэлтүүлж буй зүйл нэг л эх үүсвэртэй хэмээх санааг гаргажээ. Уран бүтээлч өөрийн төрөлх нутгийн жаргах нарны туяа болон сарны тусгалаас сэдэвлэн бүтээлээ туурвисан бол Азийн байгаль орчны тухай “Эх нутаг” шүлгээс сэдэвлэн цаг хугацаа, орон зайн гүн холбоог дүрслэн үзүүлэхийг зорьжээ.


“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. 






Related news