Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-06 12:16:08

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.


Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 

Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” компанийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан ярихдаа, “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.


Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байгаа аж. Барилга угсралтын ажлыг энэ оны 12 дугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй  ажиллаж байгааг албаныхан тодотгов. 


Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх юм.




Related news