ХӨВСГӨЛ: Сурагч Б.Дэлгэрмөрөн IMC олон улсын математикийн олимпиадад оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн наймдугаар сард БНСВУ-д болох IMC олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан байна.
Тус олимпиадад 5 тивийн шилдгүүд оролцох бөгөөд Монгол Улсаас 16 сурагч оролцохоор шигшээ багт шалгарчээ.
Б.Дэлгэрмөрөн 6 дугаар ангиасаа Ч.Баянбат багшийн удирдлага дор математикийн хичээлийг гүнзгийрүүлэн сурч эхэлснээс хойш олон амжилт гаргасан байна.
Тухайлбал, 2024 онд БНЭУ-д болсон IMC олон улсын математикийн олимпиадад хувийн төрөлд оролцож тусгай байр, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Мөн энэ онд Баянхонгор аймагт болсон аймгуудын математикийн уралдаанд 2 ангилалд дэвшин орж түрүүлсэн байна.
Мөн математикийн хичээлээр энэ онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан улсын олимпиадын 2-ын даваанд алт, 3-ын даваанд алт, улсын олимпиадад хүрэл медаль хүртжээ.
Цаашид математикийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж математикийн багш
мэргэжилтэй болно гэдгийг Б.Дэлгэрмөрөн ярилаа.