Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-30 15:43:12

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.


Хууль санаачлагчдаас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж, “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томъёолох “нийгэмд аюултай, аюулгүй” гэсэн субъектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж байна гэв. Иймд Эрүүгийн хуулийн нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ.


Түүнчлэн Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хэмээх нэр томъёог хэрэглэж, улмаар бусад хуулиар эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан нь Үндсэн хуулийн “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж байна гэж үзжээ. Тухайлбал, эрүүгийн хариуцлагад ял, албадлагын гэсэн хоёр өөр агуулга хамаардаг. Гэтэл уг хоёр өөр ойлголтыг нэгтгэснээр ял шийтгүүлээгүй, шүүх ял шийтгэх шаардлагагүй, үүссэн үр дагавар нь ялимгүйн улмаас шүүх ял оногдуулахгүй учраас албадлагын арга хэмжээ хэрэглэснийг эрүүгийн хариуцлага гэж оруулан нийгмийн харилцааг зохицуулж байгаа нь хүний эрхийг дордуулахад хүргэсэн байна гэж үзжээ. Тиймээс ял, албадлагын арга хэмжээг зааглах шаардлагатай гэж үзсэн байна.


Мөн Эрүүгийн хуулинд “Худал мэдээлэл тараах” зүйлийг хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэтэл төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус бөгөөд хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан нь тухайлан хуулийн этгээдийн статусгүй, “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд байх боломжтой. Тиймээс “хуулийн этгээд” гэсэн нэр томъёоны талаар хуульчилсан тайлбар хийх нь зүйтэй гэж танилцууллаа.


Эрүүгийн хуулинд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээнд хамруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал гэж үзэж байна. Тиймээс “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан талаар тус тус танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Related news