Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг харилцан зөвшөөрөх хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-27 15:19:04

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд байгуулсан "Монгол, Хятадын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр"-ийг зургаадугаар сарын нэгнээс эхлэн албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ.


Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын Гаалийн байгууллагууд харилцан тохиролцсоны дагуу нөгөө талын ИААН-ийн гаалийн бүрдүүлэлтэд “Гаалийн бүрдүүлэлтийг дараалал харгалзахгүй хийх, гаалийн холбоо баригчийг томилж, бүрдүүлэх явцад үүсэх бэрхшээлийг шийдэх, бичиг баримт болон бараанд хийх шалгалтыг багасгаж, хамгийн бага түвшинд хийх” зэрэг хөнгөлөлтийг эдлүүлэх юм. Өөрөөр хэлбэл ИААН нь хоёр талын Гаалийн байгууллагаас олгосон үсэг, тоо бүхий “ИААН код” (Жишээ нь: Монгол Улсын ИААН-ийн код: MN1234567890; БНХАУ-ын ИААН-ийн код: AEOCN1234567890)-ыг нөгөө талын импортын гаалийн мэдүүлгийн “Илгээгч тал”-ын мэдээлэлд оруулснаар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ.


Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хоёр улсын хил дамнасан худалдааны урсгалыг нэмэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа, зардлыг багасгах ач холбогдолтой аж


Монгол Улсын Гаалийн байгууллага БНХАУ, БНСУ-ын Гаалийн байгууллагатай 2019 онд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дэлхийд энэ хөтөлбөрт одоогоор 100 гаруй орон нэгдэж, дэлхийн худалдааны дийлэнх хувь нь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хооронд хийгддэг. “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-тэй холбоотой харилцааг ГЕГ-аас баталсан “Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох журам”-аар зохицуулдаг байна.

Related news