Нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд туршлагаа солилцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа харилцан туршлага солилцох, суралцах арга зүйн “Бүтээмж ба Инновац-UB 2025” форумыг зохион байгуулж байна.
Энэхүү форумд 21 аймаг, есөн дүүргийн 60 гаруй төрийн албан хаагч оролцож байна. Энэ үеэр форумд оролцогчид иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор харилцан туршлага хуваалцав.
Форумын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд ярихдаа, “Аймаг, сум, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч бүх шатны Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд уг форум төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой” гэв.
Харин Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан, “Манай аймгийн хувьд 2021 оноос олон улсад хэрэгждэг оролцоот эпидемиологийн арга, аргачлалыг мал эмнэлгийн салбартаа нэвтрүүлж, нутагшуулсан нь бидний сайн туршлага юм. Энэ нь малчдын оролцоотой малын өвчнийг тандан судлах судалгааны арга аргачлал юм. Энэ хүрээнд малчид руу чиглэсэн судалгаа, тандалтыг хийн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэдгээрээ чухал ач холбогдолтой” гэлээ.
Тэгвэл БГД-ийн ЗДТГ-ын Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба ярихдаа, “Уг аяны хүрээнд Баянгол дүүргээс хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүтээн оролцож байна. Уг технологийг зарим хороодод нэвтрүүлсэн. Ингэснээр шатахуун тос, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэж чадсан” хэмээв.
Уг форум хоёр
дахь өдрөө үргэлжилж байна.