Хүний хөгжлийг ахиулахад хиймэл оюуныг хэрхэн ашиглах бодлого чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг өнөөдөр танилцуулах үеэр хүний хөгжлийг ахиулахад хиймэл оюуны чадамжийг бүрэн ашиглах, тэгэхдээ хүртээмжтэй, хүн төвтэй бодлого чухал болохыг онцоллоо.
“Хиймэл
оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломж” сэдэвтэй энэхүү илтгэлд цар
тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойш
хамгийн доод хэмжээнд хүрснийг дурджээ. Хямралын дараа тогтвортой өсөж, сэргэх бус
ахиц нь урьд өмнө байгаагүй удаан байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгын
хэрэгжилтийг хэдэн арван жилээр хойшлуулах эрсдэл дагуулж байгаа аж.
Илтгэлд өөрчлөлт,
шинэчлэлийг бий болгох чиглэлийг тодорхойлохдоо хүн, хиймэл оюуны хамтын
ажиллагаанд суурилсан үр өгөөжтэй эдийн засгийн загварыг хөгжүүлэх, хиймэл
оюуны хөгжүүлэлт, хэрэглээний үе шатанд хүний оролцоог нэмэх, боловсрол,
эрүүл мэндийн тогтолцоог шинэчилж, 21-р зууны хэрэгцээ шаардлагад нийцүүлэх
гэжээ.
Монгол дахь НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска ярихдаа, “Хиймэл оюун нь зөвхөн технологийн асуудал биш бидний үнэт зүйлс, зорилго, сонголтын тусгал. Хэрэв зүй зохистой ашиглаж чадвал энэ нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг дэмжих хурдасгуур хүч болно. Тиймд хиймэл оюуны чадамжийг ярихаас илүү үүнийг хүний хөгжлийг ахиулахад хэрхэн чиглүүлж, ашиглах тухай ярих хэрэгтэй” гэв.
Хэлэлцүүлгийн үеэр илтгэлд тусгасан зөвлөмжийг Монголд хэрэгжүүлэх боломж, хиймэл оюуны хөгжлийг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах талаар яриа өрнүүлсэн юм.
Монгол Улсын Хүний хөгжийн индекс 1990 оноос хойш 26 хувиар нэмэгдэж, 0.747-д хүрч, одоогоор 193 улсаас 104-т эрэмбэлэгдэж байна.
Манай улсад 1990-2023 онд дундаж наслалт 12.9, сургуульд суралцах хугацаа 3.5, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр, мөн нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар нэмэгджээ.