УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, “Нэгдүгээрт, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг нааш нь татаж хэлэлцэх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ долоо хоногт орон нутгийн сонгуулийн дүнг УИХ-аар сонсмоор байна. Сонсголоор сонгуультай холбоотой баримтыг нягталж, асуудлыг нэг тийш болгох нь зөв юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Эдийн засгийн хүндрэлийг дараалалд туссанаар нь хэлэлцэе" гэсэн саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Ирэх оны төсөв рүүгээ анхаармаар байна. Ямар мөнгө хөрөнгө тусгагдахаа тодорхой болгоод шуурхайлах хэрэгтэй. Эрдэнэтийн асуудлаар тавьсан миний саналыг хэлэлцмээр байна. Дипломат албаны асуудлыг тодорхой болгох хэрэгтэй" гэв.
Тэдгээр саналтай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд, "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын 7 дугаарт тавьсан. Энэ асуудлыг ирэх төсвийн хэлэлцүүлгийн дараа хэлэлцэх нь зөв байх. Орон нутгийн сонгуулийн дүнг ирүүл гэж холбогдох газарт үүрэг болгоё. Гэхдээ УИХ-аар сонгуулийн дүнг хэлэлцдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Хууль зүйн байнгын хороо одоо ажлыг хэсэг байгуулах ёстой. Дараагаар газар дээр нь тодруулаад байнгын хороогоороо дахин хэлэлцэнэ. Дипломат албаны тухай хуулийг өргөн бариагүй. Тиймээс өргөн бариагүй хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй" гэсэн тайлбар хийв.
Үүгээр чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалдаа орлоо.
Б.Туул