АНУ, Хятадын хэлэлцээнд ахиц дэвшил гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-12 10:25:36

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 12 /AP/. Татварын асуудлаар Хятадын талтай “хэлцэл” байгуулахаар тохиролцсон тухай хоёр талын худалдааны хэлэлцээнд АНУ-ыг төлөөлөн оролцож буй Жеймисон Грир ням гарагт мэдэгджээ. 


Харин Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн тэргүүтэй Хятадын төлөөлөгчид Женевт хийсэн хэлэлцээний тухайд тайлбар хийсэнгүй. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь худалдааны тэнцлийн алдагдлаас үүдэлтэй эрсдэл үндэсний аюулгүй байдалд учирч  байгаатай холбогдуулан онц байдал зарласан юм. "Хятадын түншүүдтэйгээ хийсэн тохиролцоо нь үндэсний хэмжээнд онц байдлыг зохицуулахад бидэнд тус дөхөм гэдэгт итгэлтэй байна" гэж Ж.Грир хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа мэдэгджээ.


Санал зөрөлдөөн анх таамаглаж байсанчлан тийм ч ноцтой бус гэдэгтэй талууд санал нэгджээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ “хэлэлцээнд томоохон ахиц дэвшил гарсан” гэж мэдэгдсэн бол Хэ Лифэн түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. 


АНУ, Хятадын төлөөлөгчдийн хэлэлцээ тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд XVIII зууны үеийн түүхэн барилга болох Женев нуурын эрэг дээрх “Villa Saladin”-д болжээ. Хар өнгийн авто машинуудаас бүрдсэн цуваа НҮБ-д суугаа Швейцарын байнгын төлөөлөгч Юрг Лауберын гэрийн ойролцоо зогссон байв. Талууд тавдугаар сарын 10-ны өдөр хоёр цаг орчим уулзсан бөгөөд маргааш нь хэлэлцээ үргэлжилсэн байна.


Д.Трамп: АНУ, Хятадын харилцаа “дахин сэргэж байна”

Америк-Хятадын харилцаа “дахин сэргэж” байна гэж Д.Трамп Женевт болсон хэлэлцээний дараа мэдэгджээ. “Өнөөдөр Швейцар улсад Хятадын төлөөлөгчидтэй маш үр дүнтэй уулзалт хийлээ. Олон асуудлыг хэлэлцэж, олон тохиролцоонд хүрлээ. Найрсаг бөгөөд бүтээлч уур амьсгалд харилцаагаа хэвийн болгох нөхцөлийг тохиролцлоо. Бид Хятад, Америкийн аль алиных нь ашиг сонирхлын үүднээс Хятад улсыг Америкийн бизнес эрхлэгчдэд нээлттэй болгохыг хүсэж байна. Гайхалтай амжилтанд хүрлээ!!!" гэж тэрбээр ням гарагт шилжих шөнө “Truth Social” олон нийтийн сүлжээнд бичжээ.



Related news