Комэйто нам Японы эрх баригч эвслээс гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-10 16:37:55

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 10 /NHK/. Японы Комэйто намын дарга Сайто Тэцүо нам нь эрх баригч эвслээс гарна гэдгийг Либерал ардчилсан намын /ЛАН/ дарга Такаичи Санаэд мэдэгджээ. 


С.Тэцүо өнөөдөр буюу баасан гаргийн үдээс хойш ЛАН-ын шинэ даргатай уулзсан байна. Комэйто намын дарга хэлэхдээ, ЛАН-аас улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн асуудлаар хангалттай хариулт өгч чадаагүй гэжээ. Ингэснээр 25 гаруй жилийн турш үргэлжилсэн түншлэл дуусгавар болох юм. Түүнчлэн парламент долоо хоногийн дотор хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг сонгох төлөвтэй байгаа үед ийм үйл явдал болж байна. Т.Санаэгийн хувьд уг албан тушаалыг хаших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


С.Тэцүо хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, улс төр, санхүүгийн асуудлыг зохицуулах нь Комэйтогийн тэргүүлэх чиглэл юм гэдгийг онцолсон байна. Тэрбээр эвслийн засгийн газрыг түр хугацаанд тарааж, Комэйто нам, ЛАН-ын харилцаанд цэг тавихаа мэдэгджээ.


Тэрбээр мөн улс төрийн шинэчлэлийн асуудлаар хамтрах ажиллах тал дээр тодорхой саналыг ЛАН-аас авч чадахгүй бол Ерөнхий сайдын санал хураалтад Т.Санаэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Related news