Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дайны замаар” хөшөөнд цэцэг өргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 9 /TASS/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Александр Козловын хамт Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайны замаар” /Ялалтад тэмүүлсэн морьд/ хөшөөнд цэцэг өргөлөө. У.Хүрэлсүх мөн Ялалтын парадад оролцох Монголын цэргийн алба хаагчидтай уулзжээ.
"Орос, Монгол хоёр орны ард түмэн байгаль хамгаалал, геологи, эдийн засаг, боловсрол, соёл, спорт зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна" гэж А.Козлов онцолсон байна. Тэрбээр Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссыг хамтран даргалагчийн хувиар цэцэг өргөх ёслолд оролцжээ.
Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын 9-нд буюу өнөөдөр Улаан талбайд болох Ялалтын парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайны замаар” /Ялалтад тэмүүлсэн морьд/ хөшөөг Аугаа эх орны дайны үед фашизмын эсрэг Орос, Монголын ард түмэн хамтран тэмцсэний бэлгэдэлд зориулан босгосон юм. Энэхүү хөшөөг Ялалтын 70 жилийн ойд зориулан Монгол Улсаас бэлэглэсэн бөгөөд фронтын бартаат замд их буу чирэн зүтгэж буй хоёр монгол морийг дүрслэн бүтээсэн юм.