Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-05-09 11:12:23

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Түүний 1.3 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 79.2 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.


Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2024 оны мөн үеийнхээс 2.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин гадаадтай хамтарсан барилгын байгууллагынх 3.1 тэрбум төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 1.5 тэрбум төгрөгөөр буурчээ.


Энэ оны эхний улиралд барилга угсралт, их засварын ажлын 48.0 хувийг орон сууцны барилга, 40.4 хувийг орон сууцны бус барилга, 9.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.2 хувийг их засварын ажил эзэлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс орон сууцны барилгын ажил 5.6 нэгж хувиар, их засварын ажлынх 1.1 нэгж хувиар нэмэгдсэн дүн байна. Мөн инженерийн барилга, байгууламжийнх 6.5 нэгж хувиар, орон сууцны бус барилгынх 0.1 нэгж хувиар буурчээ.


Орон сууцны бус барилгын ажил оны эхний улирлын гүйцэтгэлээр 547.1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 19.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Салбарын нэмэгдлийг төрлөөр авч үзвэл сургууль, соёлын барилгын ажил 31.8 тэрбум төгрөгөөр, эмнэлгийн барилгынх 12.3 тэрбум төгрөгөөр, орон сууцны бус барилгынх 11.6 тэрбум төгрөгөөр, худалдаа, үйлчилгээний барилгынх 10.0 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Гэтэл үйлдвэрийн барилгынх 46.0 тэрбум төгрөгөөр буурчээ.


Улаанбаатар хотод оны эхний улиралд дотоодын барилгын байгууллагууд 795.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь улсын дүнд 62.4 хувийг эзэлж байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.3 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм.


Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 196.6 тэрбум төгрөг, Орхон аймагт 65.2 тэрбум төгрөг, Дархан-Уул аймагт 47.0 тэрбум төгрөгийн дотоодын барилгын байгууллагын барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн нь орон нутгийн барилга угсралтын ажлын 64.4 хувь нь болжээ. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил, авто замын, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн барилгын өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын, Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил эрчимжжээ.


Барилга угсралт, их засвар гэж барилга байшин барих болон инженерийн зориулалтаар зам, гүүр, далан зэрэг инженерийн бусад байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгө бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.


Орон сууцны барилга гэж нийт ашигтай талбайг бүхэлд нь эсвэл нийт ашигтай талбайн талаас илүү хувийг орон сууцны зориулалтаар хэрэглэж болохуйц байгууламжийг хамруулж ойлгоно.


Орон сууцны бус барилга гэж тухайн байгууламжийн нийт ашигтай талбайг бүхлээр нь орон сууцны бус зориулалтаар ашиглаж болохуйц эсвэл нийт ашигтай талбайн талаас илүү хувийг орон сууцны бус зориулалтаар ашиглаж болохуйц байгууламжийг ойлгоно .


Инженерийн барилгын ажилд төмөр зам, зам, гүүр, хурдны зам, онгоцны буудлын талбай, ус хангамж, бохирын шугам, далан хаалт, усжуулалтын байгууламж зэрэг барилга угсралтад ангилагддаггүй барилга, байгууламжийн бүх ажлыг оруулна хэмээн Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ.



Related news