ДОРНОГОВЬ: Ноолуур 110 мянган төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нэг кг ноолуур 100-110 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил салхи шуурга багатай, дулаанхан хавар болж байгаа тул малчид ямаагаа самнаж дуусч байна.
Ноолуур хийгээд үнэ өртгийн талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгээс тодруулахад, “Манайх 300 гаруй ямаатай. Ямаагаа самнаад бараг дууслаа. Ноолуур өнгөрсөн жилийнхээс 10-20 мянган төгрөгөөр хямд бөгөөд ноолуур худалдан авах аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч цөөн байгаа сурагтай. Ямаагаа самнаж дуусаад ноолуураа худалдана” гэв.
Дорноговь аймаг нийт 700 гаруй мянган ямаатай. Нэг ямаанаас дунджаар 250 гр ноолуур самнадаг. Жилдээ 10-15 тонн ноолуур бэлтгэх боломжтой байдаг аж.