ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-01 10:37:44

ХСҮТ зоорийн болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай дөрвөн давхар, 5200 ам метр талбайтай өргөтгөлийг өнгөрсөн амралтын өдөр ашиглалтад орууллаа.

Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ачаалал 30-40 хувь багасаж, хэвтэн эмчлэх ор 60-аар нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн 60 гаруй мэргэжилтнийг ажилд авсан хэмээн албаныхан мэдээлсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, ХСҮТ-өөс эрдэмтэн доктор, гавьяатууд олноор төрсний зэрэгцээ насаараа тус байгууллагад сэтгэл зүрхээ зориулан ажилласан олон эмч, ажилчидтай чадварлаг хамт олон гэдгийг хэлээд,  эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор хавдрын оношилгоо, эмчилгээг олон улсын хэмжээнд хийх, иргэд  өндөр чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломж бүрдэж байгааг онцлов.

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар байгуулсан энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор элэг шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлэх аж. Мөн хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглах хамгийн сүүлийн үеийн технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд шийдсэн байна.

Ж.Болор

Related news