Пак Гын Хэгийн найз өөрөө очин байцаалт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-01 09:04:09

СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэр холбогдсон улс төрийн дуулиан шуугианы анхаарлын төвд байгаа эмэгтэй “төрийн асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэх мэдээллийг эрс үгүйсгэн няцаалаа.

Чой Сүн-сил хэмээх энэ эмэгтэй Ерөнхийлөгч Пактай 40 жил найзалж байгаа аж.

Пак Гын Хэгээс улс төрийн баримт бичгүүдийг авч, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж түүнийг сэжиглэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын шууд бус оролцоотойгоор байгуулагдсан байгууллагын мөнгөнөөс завшсан гэж түүнийг буруутгаж байна.

Харин ням гарагт Европоос ирсэн Чой Сүн-сил даваа гарагийн үдээс хойш өөрөө сайн дураараа байцаалт өгчээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, нийгэмд ийм асуудал үүсгэсэндээ Чой уучлалт гуйсан  боловч "төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, мөнгө завшсан” гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ.

Оргон зайлж, нотлох баримтуудыг устгаж болзошгүй гэж үзэн прокурорууд түүнийг даваа гарагийн орой баривчилжээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Пак Гын Хэг дэмжигчдийн тоо ерөнхийлөгч болсноос нь хойших хамгийн доод хэмжээнд хүрч буураад байгаа юм.

Г.Доржханд

 

 

Related news